ДАН 2.0 СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нийтлэг үндэслэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ДАН” 2.0 “Үндэсний танилт нэвтрэлтийн систем”-ийг ашиглаж буй хэрэглэгч болон системийг хариуцан ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ хоорондын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно. Хэрэглэгч системд нэвтрэх, ашиглахын өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцан зөвшөөрсөн байна.

Үндэсний дата төв” УТҮГ нь үйлчилгээний нөхцөлд хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг системд байршуулан нийтэлнэ.

Нэг. Үндэсний танилт нэвтрэлтийн системд нэвтрэх

  1. 1.1 Хэрэглэгч дараах төрлүүдээр системд нэвтрэх боломжтой байна.
    • Нэг удаагийн код
    • Интернэт банк
    • Тоон гарын үсэг
    • 2FA
  2. 1.2 Хэрэглэгчийн системд ашиглах регистрийн дугаар, тоон гарын үсэг, google authenticator, ms authenticator болон интернэт банкны эрхийн нууцлалын аюулгүй байдлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
  3. 1.3 Тус системд гар утасны бүртгэлтэй дугаараар нэвтрэх тохиолдолд системд баталгаажуулах зургаан оронтой кодыг дэлгэцэд харуулна.
  4. 1.4 Хэрэглэгч 1.3-т заасан баталгаажуулах кодыг дэлгэцэд харуулж 130092 тусгай дугаарт илгээн баталгаажуулалт хийнэ.
  5. 1.5 Баталгаажуулах код илгээсэн мессежний зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  6. 1.6 Хэрэв хэрэглэгч бүртгэлтэй гар утасны дугаараа солих шаардлагатай тохиолдолд системээс утасны дугаар солих хэсэгт холбогдох мэдээллийг оруулж баталгаажуулна.
  7. 1.7 Үндэсний танилт нэвтрэлтийн системд өөр хэрэглэгчийн бүртгэлээр нэвтрэхийг хориглоно.
  8. 1.8 Хэрэв хэрэглэгч гар утас болон тоон гарын үсгийн токен төхөөрөмжөө хаяж үрэгдүүлсэн , банкны эрх, google authenticator, ms authenticator нэг удаагийн кодоо алдсан тохиолдолд системээс өөрт холбогдох мэдээллийг алдсан хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ.
  9. 1.9 Тоон гарын үсгийн токен төхөөрөмжөөр нэвтрэх тохиолдолд портал системд “ESIGN” клиент программыг ашиглана.
  10. 1.10 Тоон гарын үсгээр мобайль системээр нэвтрэх тохиолдолд гар утсандаа GSign тоон гарын үсгээ суулган ашиглана.
  11. 1.11 Тоон гарын үсгийн токенийг бусдад хууль бусаар дамжуулах, ашиглуулахыг хориглоно.
  12. 1.12 Үндэсний танилт нэвтрэлтийн системд Монгол Улсын иргэн 16 насанд хүрсэн бол өөрийн эрхээр бүртгэл үүсгэн нэвтэрнэ.
  13. 1.13 Царай танилтаар бүртгэлээ үүсгэн нэг удаагийн кодоор нэвтрэх сонголтыг хийж 2 FA (Google authenticator, MS authenticator) тохиргоогоо идэвхжүүлэн нэвтрэх боломжтой.
  14. 1.14 Хуулийн этгээдээр нэвтрэхдээ захирлын мэдээллээр нэвтрэх ба хэрэглэгч өөрийн Нэг удаагийн код, Банкны эрх, Тоон гарын үсгээр нэвтрч орсны дараа нүүр хуудасны Профайл солих хэсгээс бүртгэлтэй хуулийн этгээдийн нэрийг сонгож нэвтэрнэ.

Хоёр. Үндэсний танилт нэвтрэлтийн системд бүртгүүлэх

2.1 Хэрэглэгч дараах төрлүүдээр системд бүртгүүлэх боломжтой.

  • Утасны дугаараар
  • Интернэт банкны эрхээр
  • Тоон гарын үсгээр
  • Царай танилтаар

2.2 Хэрэглэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар бүртгүүлэх

  • Регистрийн дугаар эсвэл Иргэний бүртгэлийн дугаараа оруулна.
  • Өөрийн нэр дээр бүртгэлтэй МУ-ын аль нэг үүрэн операторын дугаарыг оруулна.
  • Цаашид нэвтрэх 8–20 оронтой (үсэг, тоо, тэмдэгт хосолсон) нууц үгийг зохиож, давтаж оруулна.
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлснээр 6 оронтой код дэлгэцэнд үүснэ. Тухайн кодыг 130092 дугаарт илгээн бүртгэлийг үүсгэнэ.
  • Бүртгэл үүссэний дараа Нэг удаагийн кодоор (утасны дугаар) нэвтрэх боломжтой болно.

2.3 Банкны эрхээр бүртгүүлэх

  • Өөрийн ашигладаг интернэт банкны эрхээрээ хялбар, аюулгүй нэвтрэх боломжтой.
  • Банкны эрхээр бүртгүүлэх төрлийг сонгоно.
  • Өөрийн интернэт банкны эрхтэй банкийг сонгоно.
  • Интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үг, 2 FA баталгаажуулалтыг хийн орсноор цаашид банкны эрхээр нэвтрэх бүртгэл үүснэ.

2.4 Тоон гарын үсгээр бүртгүүлэх

  • ДАН 2.0 системээр дамжуулан гар утсандаа GSign тоон гарын үсгээ суулгана.
  • “Тоон гарын үсгээр бүртгүүлэх” төрлийг сонгоно.
  • УБЕГ-ын GSIGN киоскоос үүсгэсэн тоон гарын үсгийн QR кодыг уншуулна.
  • Цаашид нэвтрэх 4 оронтой ПИН кодоо үүсгэнэ.
  • ПИН кодоо мартсан үед ашиглах ПУК код дэлгэцэнд нэг удаа харагдах тул хадгална.
  • Үргэлжлүүлэхэд бүртгэл амжилттай үүсч, цаашид Тоон гарын үсгээр нэвтрэх эрх үүснэ.

2.5 Царай танилтаар бүртгүүлэх

  • ДАН 2.0-д бүртгэлгүй болон гадаадад суугаа МУ-ын иргэд хиймэл оюунд суурилсан царай танилтаар бүртгүүлнэ.
  • “Царай танилтаар бүртгүүлэх” төрлийг сонгоно.
  • Регистрийн дугаар эсвэл Иргэний бүртгэлийн дугаараа оруулна.
  • Царай таних хэсэгт царайгаа уншуулна. (Таны царайг УБЕГ-ын хамгийн сүүлийн бүртгэлтэй нүүр зургаас (Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт) хиймэл оюун ашиглан царай танилт хийж байгаа тул царай танилт амжилттай болсон тохиолдолд УБЕГ-ын баталгаажуулах асуултуудад хариулснаар бүртгэл үүснэ. Царай танилт олон удаагийн оролдлогоор амжилтгүй болсон тохиолдолд Иргэн бүртгэх оперотор (KYC) ашиглан бүртгэлээ үүсгүүлэх боломжтой.)
  • Царай танилт амжилттай болсны дараа УБЕГ-ын бүртгэл дэх таны мэдээлэл дээр үндэслэн асуумжууд гарч ирэх бөгөөд бүх асуултад амжилттай хариулсны дараа бүртгэл үүсгэх цонх гарч ирнэ.
  • Бүртгэл үүсгэхдээ өөрийн нэр дээрх утасны дугаар, хувийн цахим шуудан , цаашид нэвтрэх шинэ нууц үгийг зохиож оруулна.
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хадгалах товч дарсны дараа таны бүртгүүлсэн цахим шууданд QR зураг бүхий мэйл очих бөгөөд та гар утсандаа google authenticator, ms authenticator аппликейшнийг татан суулгаж бүртгүүлсэн мэйл хаягаараа нэвтрэн орж, цахим шууданд ирсэн QR кодыг уншуулснаар google authenticator, ms authenticator аппликейшнд 6 оронтой код үүснэ.
  • Үүссэн 6 оронтой нэг удаагийн кодыг оруулснаар системд амжилттай нэвтэрнэ.

Гурав. Хувийн мэдээлэл

  • 3.1 Үндэсний танилт нэвтрэлтийн систем болон “ХУР” системээс гарч буй мэдээллийн үнэн зөв байдал, зөрүүтэй мэдээллийн талаар эрх бүхий байгууллагад хандана. Хувийн болон үйлчилгээний дата мэдээллийг хуульд заасны дагуу архивлана.
  • 3.2 Хэрэглэгч мэдээллийн нууцлалаа өөрөө хамгаална.
  • 3.3 Хэрэглэгч системийн ашиглалтаас татгалзах, эрхээ хаалгах эрхтэй.
  • 3.4 Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн үйлдэл нь хэрэглэгч өөрийн холбогдох мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг “Үндэсний дата төв” УТҮГ-т зөвшөөрсөнд тооцно.

Дөрөв. Мэдэгдэл

  • 4.1 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар хэрэглэгчийн мэдээллийг авсан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэл хүргэнэ.
  • 4.2 Хэрэглэгч мэдэгдлийг уншиж танилцах үүрэгтэй.
  • 4.3 Хэрэглэгч өөрийн мэдээлэлд хандсан тохиолдолд мөн адил мэдэгдэл илгээгдэнэ.

Тав. Системийн ашиглалт, үйлчилгээ

  • 5.1 Систем нь хэрэглэгчийн хандалтын бүртгэл болон үйлдлийн түүхийг лог болгон хадгална.
  • 5.2 Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ талаар цахим хуудас болон бусад сувгаар мэдээлнэ.
  • 5.3 Техникийн сайжруулалт, өөрчлөлт, шинэчлэлт хийхэд түр зогсолт хийж болно.
  • 5.4 Мэдээлэл нийлүүлэгч байгууллагын систем, серверийн гэмтлээс учирсан хохиролд “Үндэсний дата төв” УТҮГ хариуцлага хүлээхгүй.
  • 5.5 Төлбөртэй үйлчилгээний зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • 5.6 Баталгаажуулах код илгээх мессежийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Зургаа. Цахим бичиг баримт

  • 6.1 МУ-ын иргэн, гадаад иргэн, хуулийн этгээд E-Geree, Engui shiidel системүүд дээр өөрийн гэрээний мэдээллийг харах, хянах боломжтой.

Долоо. Итгэмжлэл

  • 7.1 Иргэн нотариатын газарт хүсэлт гарган итгэмжлэл бүртгүүлсний дараа тухайн итгэмжлэгдсэн иргэний мэдээлэл ДАН 2.0 системийн итгэмжлэл хэсэгт үүсч, клиент системүүдээс үйлчилгээ авна.

Найм. Эрхийн удирдлага

  • 8.1 Төлөөлөх ажилтнаа бүртгэх, тохируулах: Хуулийн этгээдийн захирал өөрийн эрхээр клиент системд төлөөлөх ажилтнаа бүртгэж, тохируулан, ажилтан клиент системүүдэд ажиллагаа хийнэ.
  • 8.2 Эрх сэргээх болон хаах: Алдагдсан, ашиглагдаж болзошгүй эрхүүдийг шуурхай сэргээх эсвэл хаах боломжтой.
  • 8.3 Хандсан төхөөрөмжийн удирдлага: Нэвтэрсэн төхөөрөмжүүдийг бүртгэж, удирдах боломжтой.

Ес. Мэдээллийн аюулгүй байдал

  • 9.1 Үндэсний танилт нэвтрэлт систем нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс олон улсын болон үндэсний аюулгүй байдлын баталгаажуулалтын стандартуудыг мөрдөнө.
  • • Нууц үггүй нэвтрэлт (Passwordless Authentication, FIDO2 стандарт): Хэрэглэгч нууц үггүйгээр баталгаажих боломжтой.
  • • Хоёр үе шаттай баталгаажуулалт (Two-Factor Authentication, 2FA): Нэвтрэхэд нэмэлт баталгаажуулалтын код шаардана.
  • • Токен суурилсан болон криптограф баталгаажуулалт: Илүү өндөр түвшний нууцлал, хамгаалалтыг хангана.
  • 9.2 Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлээс үүсэх эрсдэлд систем хариуцлага хүлээхгүй.

Арав. Маргаан шийдвэрлэх

  • 10.1 Үйлчилгээтэй холбоотой маргааныг эхлээд талууд хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.
  • 10.2 Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхэд хандана.
ДАН | Танилт нэвтрэлтийн систем